Арлын орон Япон

  

Print Friendly

Токио хот

Аяллын хугацаа 2011.06.20

Уншигч та бүхэндээ дэлхийн хөгжил цэцэглэлтийн нийслэл болох Токио хотын талаар танилцуулъя. Японы төв хэсэг болох Хоншу арал дээр байрлах Токио хот нь  1868 он хүртэл Эдо гэдэг нэртэй байжээ. Токүгава Ияасү хаан өөрийн засгийн газраа Эдо хотод байгуулснаар 1603 оноос Эдо хот нь улс төрийн төв болсон байна. Хэдэн үеийн дараагаар Эдо хот нь дэлхийн томоохон хотуудын нэг болсон юм. Харин 1868 онд буюу Мэйжигийн үед Японы нийслэл хот нь Киото хотоос Эдо хот руу нүүсэн бөгөөд Токио буюу Зүүн Нийслэл хэмээх шинэ нэрийг авсан байна. Ингээд Жуулчин компаний зохион байгуулж буй аяллын явцад үзэх зүйлсийн талаар товч тайлбар хийе.

Худалдааны төв гудамж Гинза

Гинза дүүрэг нь Токио хотын төв хэсэгт байрлах ба хамгийн алдартай худалдааны гудамж юм. Та Гинзагаас дэлхийд алдартай брэндийн дэлгүүрүүд, томоохон их дэлгүүрүүд, уран зургийн галерэй, зоогийн газрууд, шөнийн клуб зэргээр орох  боломжтой.. 1612-1800 онд өнөөгийн Гинза дүүрэг нь мөнгөн зоос хийдэг газар байсан ба Гинза гэдэг үгний утга нь мөнгө зарах мухлаг гэсэн утгатай. Харин 1923 оны Токио хотын газар хөдлөлтийн дараагаар Гинза дүүрэг нь Токио хотын худалдааны төв гудамж болсон байна. Гинза дүүргээр хагас бүтэн сайнд аялах нь нэн тохиромжтой байдаг учир нь энэ өдрүүдэд Гинза дүүргийн машин замыг хааж жуулчид явган зорчигчдод таатай орчныг бүрдүүлсэн байдаг.

Залуучуудын гудамж Шибуяа

Шибуяа дүүрэг нь Токио хотын худалдаа болон үзвэр үйлчилгээгээрээ алдартай дүүрэг бөгөөд хамгийн хөл хөдөлгөөнтэй дүүрэгт тооцогдоно. Японы өвөрмөц загварууд нь Шибуяагаас л төрдөг төдийгүй олон өвөрмөц үзүүлбэр,  дэлгүүрүүдийг эндээс олох боломжтой. Та Шибуяа-д хүрэлцэн ирвэл метроны ХАЧИКО гарцаар гарах хэрэгтэй бөгөөд тэнд маш олон томоохон гэрлэн самбарууд, маш өргөн замын гарцаар олон зуун хүмүүс зам хөндлөн гарч буйг харах бөгөөд Японы алдарт Хачико нохойны өмнө зургаа татуулах боломжтой.

Эртний өв уламжлалаа хадгалсан Асакуса

Эртний Токио Эдогийн төрх байдлыг хадгалсан Асакуса дүүрэгт Сэнсожи хэмээх Японы томоохон буддын сүм байрладаг. Сэнсожи сүм нь 7-р зуунд баригдсан бөгөөд Накамисэ хэмээх худалдааны нарийн гудмаар явсаар сүмд очно. Накамисэ нарийн гудамд та Японы  бэлэг дурсгалын  зүйлс, үндэсний чихэр зэргийг худалдан авах боломжтой.
Асакуса нь Эдогийн үед Японы төв гудамж байсан бөгөөд энд олон арван Кабуки театрууд мөн уртаас урт улаан дэнлүүний гудамж байжээ. 1800 оны сүүл 1900 оны эхэн үеэр энд орчин үеийн урлагийн театр, кино театрууд хүртэл байгуулагдсан байна.
Дэлхийн 2-р дайны үед Асакусагийн томоохон хэсгүүд нь үгүй болсон авч дайны дараа дахин сэргээсэн. Гэвч Асакусагийн үзвэр үйлчилгээний гудамж нь хэзээ ч дахин сэргээгдээгүй ажээ.

Эзэн хааны зуны цэцэрлэг

Эзэн хааны зуны цэцэрлэг нь хааны ордноос нийтэд нээлттэй байдаг цорын ганц хэсэг юм. Эртний Эдо ордон нь гал түймэрт өртсөнөөр дахин сэргээгдсэн бөгөөд одоо хана, хаалга томоохон баганууд нь Эдогийн ордоноос өнөөг хүртэл үлдсэн байна.
Эдогийн ордон нь 1603 оноос 1867 оны хооронд Японыг захирч байсан Токүгава хааны ордон байжээ. Мэйжи эзэн хаан нь бас энэхүү ордонд 1868-1888 хооронд амьдарч байсан ба эзэн хааны ордон шинээр байгуулагдах хүртэл энэхүү ордонд амьдарч байв. 1638 онд ордны цамхаг байгуулагдсан бөгөөд энэ цамхаг нь Японы түүхэн дэх хамгийн өндөр ордны цамхаг байсан боловч хэдхэн жилийн дараа буюу 1638 онд энэхүү цамхаг нь хотын томоохон гал түймэрт шатсан бөгөөд дахин хэзээ ч сэргээн баригдаагүй юм.

Халуун рашаан

Япон үндэсний уламжлалын нэгээхэн хэсэг болсон халуун рашаан нь Японд очсон хүн бүхний очих дуртай газар юм. Та Токио хотоос гарахгүйгээр халуун рашаанд орьё гэвэл Одайба-д байдаг Оэдо Онсэн Моногатари-д орж болох юм. Халуун рашаанд орж алжаалаа тайлахын хажуугаар олон төрлийн амтат хоолноос зооглох боломжтой амралтын цогцолбор газар нь Оэдо Онсэн Моногатари юм. Япон орон нь 3000 гаруй галт уултай бөгөөд Шизүока мужийн халуун рашаан нь хамгийн алдартай ажээ.

Цахилгаан барааны төв гудамж Акихабара

Акихабара нь цахилгаан барааны дэлгүүрүүд бүхий гудмаараа алдартай бөгөөд сүүлийн жилүүдэд манга сэтгүүлүүд, анимэшоны бүтээгдэхүүний худалдаагаараа алдартай болжээ.
Хэдэн зуун электрон барааны дэлгүүрүүд нэгэн доор байрлах Акихабара гудамд таньд хэрэгтэй бүхий л электрон барааг олох боломжтой. Энд хамгийн сүүлийн үеийн электрон бараа байхын хажуугаар хуучин электрон барааг ч эндээс та олж болно. Энд Ishimaru Denki, Sofmap, Laox зэрэг электрон барааны их дэлгүүрүүд байх ба та электрон бараа авахдаа 220 вольтоор ажиллах эсэхийг асуухаа бүү мартаарай. Хэрвээ та эндээс 10,000 иэнээс илүү үнэтэй бараа худалдан авсан бол гадаад паспортоо үзүүлээд татваргүй авах боломжтой бөгөөд зарим нэг дэлгүүрт бараагаа үнэ тохиролцон авах боломжтой.

Мэйжи хийд

Япон орон нь Буддизм, Шинто гэх 2 шашныг хослуулсан орон бөгөөд Мэйжи хийд нь Шинто шашны томоохон хийдэд тооцогдоно. Мэйжи эзэн хаан нь орчин үеийн Японыг үүсгэн байгуулагч байсан ба тэрээр 1852 оноос 1912 оныг хүртэл амьдарч байв. Харин Мэйжи хийдийг 1920 онд барьж дуусгасан ба 2-р дайны үеээр устаад дахин сэргээгдсэн юм.

Шөнийн Роппонги

Роппонги гэдэг нь Зургаан мод гэсэн үг бөгөөд Токиогийн төвд орших өндөр барилга шөнийн үзвэр үйлчилгээгээрээ алдартай дүүрэг. Роппоги Хиллс, Токио Мидтаун зэрэг өндөр барилгуудад олон янзын урлагийн тоглолт, музей, кино театрууд байдаг.
Роппонгийн шөнийн клуб, ресторан баруудад та олон орны гадаад хүмүүстэй тааралдах бөгөөд орчин үеийн тоноглол бүхий үдшийг зугаатай өнгөрүүлэх газрууд дүүрэн байдаг. Мөн маш олон орны элчин сайдын яамдууд энд л байрладаг ажээ. Иймээс Роппонги нь гадаадын жуулчдад ихээхэн таатай газар ба магадгүй та Роппонгигоор аялаж байх үедээ нутаг нэгт монголчуудтайгаа дайралдах боломжтой юм.

Шизуока

Шизуока нь Япон улсын бэлэг тэмдэг болох Фужи уул оршдог муж юм. Энэхүү муж нь байгалийн сайхан, түүхийн дурсгал бүхий хотууд,  японы уламжлалт үйлдвэрлэлийн олон янзын соёл, далайн эргийн болон уулын халуун рашаанаараа алдартай.
Шизуока муж нь Япон улсын хамгийн хамгийн болохыг батлахын тулд таньд доорхи үзүүлэлтүүдийг танилцуулья.

  • Япон улсын хамгийн олон үндэсний амралтын газар  рёокантай.
  • Япон улсын хамгийн олон халуун рашаантай.
  • Япон улсын хамгийн олон аялал жуулчлалын тосгонуудтай.
  • Япон улсын хамгийн олон туна загастай.
  • Дэлхийн хамгийн урт, модон нарийн гүүр байдаг.
  • Япон улсын хамгийн их ногоон цайны ургамал тариалж, үйлдвэрлэдэг.
  • Япон улсын хамгийн олон төгөлдөр хуур тээвэрлэгддэг.
  • Япон улсын хамгийн олон кимоног үйлдвэрлэж, хэрэглэдэг.

Шизуока мужаар аялуулах бидний аялал нь япончуудын дуртай Фужи уул түүний улирал, улиралд харагдах байдал,  эргэн тойрон дахь цайны тариалангийн талбай, уулын болон эргийн халуун рашаанууд, улирал улирлын цэцэгт хүрээлэнгүүд, хүрхрээ, далайн тохой болон бусад усны сайхныг сонирхуулах газрууд, түүхийн дурсгалт газрууд,  үйлдвэрлэлийн газруудтай танилцах аялал, биеэр туршиж үзэх аялалуудыг багтаасан бөгөөд та бүхний үнэт цагийг илүү үр дүнтэй зугаатай өнгөрөөхийг зорьсон билээ.

Print Friendly

Аяллын захиалга:

Ангилал: Ази, Дэлхийн улс орнууд Тагууд: 

Бусад аялал:

Сөүл – Бусан аялал Сөүл – Бусан аялал
Парис хотын аялал Парис хотын аялал
Үзэсгэлэнт ЧЭЖҮ арал Үзэсгэлэнт ЧЭЖҮ арал
Сөүл хотын аялал Сөүл хотын аялал

Сэтгэгдэлээ хуваалцах

Сэтгэгдэл нэм

Сайтын хандалт

  • 157526Нийт зочилсон:
  • 112Өнөөдөр:
  • 112Энэ сард:
  • 2Онлайн:
  • 2011/03/29Эхэлсэн огноо:

Манай хаяг:

Жуулчин ХХК, Олимпийн гудамж 8, Улаанбаатар 14-253, Монгол улс.
Утас: + (976) - 70 00 99 70
Факс: 11 32 02 46
Гар утас: 9408 1212, 9409 1212
Имэйл: outbound@juulchin.com
Вэб сайт: www.juulchin.mn

© 2000-2013 Жуулчин ХХК. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by Juulchin.